Хүчтэй салхины улмаас хүүхдийн цэцэрлэгийн болон эмнэлгийн барилгын дээвэр хууларчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр, Увс аймгийн Хяграс сумын Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.


