Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх барилдана

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцох юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлийн тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ.


