Бялуу хуваагсад биш ачаа үүрэгсэд нь чухал

Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцээд түүний кабинетад хэн, хэн ажиллах вэ гэсэн эргэлзээ, таамаглалууд үргэлжилсээр байна.

Юутай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үүргээ сайн биелүүлсэн хэд, хэдэн хүнийг улираан томилох, шинэ засагт үлдээх хувилбар МАН-д яригджээ.

Тэдгээрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх хамгийн ачаалалтай, олон айлчлалтай жилүүд түүнийг сайд байх үед өрнөж, Монгол Улс дэлхийд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог хэрнээ олон улсад нэр хүндээ улам бүр өсгөж, дипломат харилцааг илүү өргөн хүрээтэй болгож чадсан. Зөвхөн 2024 онд л гэхэд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд гурав, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны түвшинд 8 харилцан айлчлал хийсэн нь түүхэндээ байгаагүй өндөр тоо гэдэг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ тэнцвэрээ маш сайн хадгалсан гэж мэргэжилтнүүд үздэг. Хоёр хөршийн харилцаа хамгийн өндөр түвшинд хүрснээс гадна Европын улсууд, АНУ-тай олон жил сайн харилцаагаа хөгжүүлсэн байдаг. Мөн Төв Азийн улсууд орнуудтай ч харилцаа, холбоо илүү сайжирсан.

Дараагийнх нь мэдээж Шадар сайдаар ажиллаж буй С.Амарсайхан. Г.Занданшатарын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүсчилсэн хөгжлөө урагшлуулъя гэж байгаа бол түүнийг заавал танхимдаа авч үлдэх учиртай. Учир нь, С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Бүсчилсэн хөгжил хариуцсан Монгол Улсын Шадар сайдаар ажилласан. Жалга довын үзлийг үгүй хийж, хөгжлийн тулгуур бүсүүдийг нэрлэн, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхийн тулд багагүй ажлууд хийсэн бөгөөд дараагийн Засгийн газар ч үүнийг нь үргэлжлүүлэх ёстой. Тиймээс С.Арамсайханыг үлдээх асуудал яригджээ.

Мэдээж тэр ганц бүсчлэл яриад зогсоогүй. Монгол Улсад тулгамдсан асуудал болоод буй өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн СТАНДАРТ-ыг орчин цагийн хэрэглээ, үйлдвэрлэл, нийгэмд нийцүүлэх нэн чухал ажлыг тэр эхлүүлж чадсан. Харин одоо хэрэгжүүлэх ёстой.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учралыг АН, МАН-гүй улирч үлдээсэй гэж байгаа нь нууц биш. Учир нь, тэр хэний ч эхлүүлж чадаагүй нэг ажил хийсэн нь Женкогийн өөдөөс сөрсөн. Түүний хууль бус асуудлыг илчилж, Төгрөг нуур орд болон бусад стратегийн ордын тодорхой хувийг төрд буцаан авах ажлыг гардаж зохион байгуулж буй, цахим Монголыг бий болгохын тулд E mongolia-г тасралтгүй хөгжүүлсээр олон нийтээс хамгийн их талархал хүлээсэн үйлчилгээ болгосон гээд тоочвол цөөнгүй. Гэхдээ хамгийн гол асуудал нь Женкогийн эсрэг сөрж чадсан гэдэг нь улстөрийн хүрээнд ч нэлээд хамгийн их “талга таших” нөхцөлийг бүрдүүлсэн гэж яригдаж байгаа аж.

Олон нийтийн хүлээлтэд байгаа өөр нэг хүн нь Сангийн сайд Б.Жавхлан. Иргэд түүнээс татварын рефорыг яаравчлахыг хүсч байгаа. Харамсалтай нь чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж амжилгүй “гацчихсан”. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн “нурууг авч” байгаа татварын системийг өөрчилж, ээлтэй болгох нь түүний  зорилго. Харин үүнийгээ хэрэгжүүлэх эсэх нь дараагийн Засгийн газраас шалтгаална.

Монгол Улсын санхүүг “атгаж” буй хүний хувьд тэр Хөгжлийн банк болон бусад бондуудын өр төлбөрийг барагдуулах, валютын нөөц бүрдүүлэх гэхчлэн асуудлуудад анхаарал хандуулсаар ирсэн нь улс “муу зээлдэгч” нэр зүүхээс сэргийлж чадсан гэсэн үг.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.