Зорилгоо тодорхойлж чадаагүй 8 улсын 95 иргэнийг буцаажээ

​​​​​​​Энэ оны нэгдүгээр сард найман улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Тодруулбал, зорилгоо тодорхойлж чадаагүй болон зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр энэ оны нэгдүгээр сард найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан байна. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын хоёр, Филиппин хоёр, Киргиз хоёр, Азербайжан нэг иргэн байжээ.

Монгол Улсад 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 138 улсын 37097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.

Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, иргэн, бусад улсын 5979 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа байна. Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.64 хувь, ОХУ-ын иргэд 0.08 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.05 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.