Хөвсгөл дэх ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын албанд Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлага 05.04-ний 15:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 59 хүн, 4 автомашин, 8 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн “Ноён уулын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн нийт 22 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 20:40 цагт цурамд оруулжээ.


