З.Мэндсайхан: 160 тэрбум хүртэл нэмэлт санхүүжилт шаардсан тул Засгийн газар дэмжээгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний санаачилсан Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүллээ. УИХ-аас хуулийн төслийг баталсан тохиолдолд төсвийн зардал нэмэгдэх юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүд байр суурь нэгдмэл биш өөр байгаа юм. Иймээс дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн эсэх талаар тайлбар хийхийг хуралдаан даргалагч мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан:

-Засгийн газрын хуралдаанаар 2025 оны наймдугаар сарын 20-нд энэ хуулийн төслийг хэлэлцээд дэмжихгүй байхаар Хууль зүйн сайдад саналаа хүргүүлсэн юм билээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт нь 800 сая төгрөг болно, цаашдаа 95-160 тэрбум төгрөг төсвөөс шаардана. Нийгмийн ажилтны тоог 3188-аар нэмэгдүүлэхээр заасан нь төсөвт хүндрэл учруулна. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд зардлын нэмэлт суулгаагүй учраас дэмжих боломжгүй гэж үзсэн гэлээ. 

Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Орон тоо нэмэгдүүлж байгаа асуудал байхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Зулпхар “Тогтолцоо байгаа боловч нэгдмэл эрх зүйн орчин байхгүй байгаа. Шаардлагатай түвшинд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа учраас та бүхэн төслийг сайтар хэлэлцэж заавал дэмжих ёстой.  Хууль батлагдсаны дараа мэргэжлийн удирдлага бий болно, төсөвт ямар нэгэн ачаалал өгөхгүй” гэлээ.

Улмаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж саналаа хэлсний дараа санал хураах байсан ч ирц хангалтгүйгээс үдээс хойш болгон хойшлууллаа. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.