Төв аймгийн Эрдэнэ суманд төрийн албан хаагчдын орон сууц барих асуудлаар санал солилцож, санамж бичиг байгууллаа

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК Төв аймгийн зарим сумдад төрийн албан хаагчдын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт төрийн албан хаагчдын орон сууц барих асуудлаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү уулзалтад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх Д.Энхбаяр, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр төрийн болон орон нутгийн байгууллагын албан хаагчид, залуу гэр бүл болон орон сууцны хэрэгцээтэй бусад иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй сумын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг Засаг дарга А.Мөнгөнбаяр уулзалтын үеэр онцолж байлаа.
Төв аймгийн Эрдэнэ сум нь Улаанбаатар хотоос ойр, зам дагуу учраас дэд бүтэц сайтай, орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой гэдгийг сумын удирдлагууд хэлж байна.
Мөн улсын хэмжээнд дэд бүтцийн хангамжийг сайжруулах, сумдын хөгжлийг дэмжих зорилгоор нийт 18 аймгийн 35 суманд 46 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагийн нэг нь Төв аймгийн Эрдэнэ сум бөгөөд халаалтын болон усан хангамжийн шугам сүлжээний ажил хэвийн үргэлжилж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр суманд баригдах орон сууцнуудын дэд бүтцийг бүрэн шийдэх, гэр хорооллыг дахин төлөвлөх нөхцөл бүрдэнэ гэдгийг ч холбогдох албаныхан онцолж байна.


