Donald Trump-ийн гэрт Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийжээ

Donald Trump түүний Флорида дахь байшинд нь Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийсэн талаар мэдэгдсэн нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгчтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа хурцдаж байгааг харуулж байна.

Donald Trump өнгөрөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд сейфийг нь эвдэж онгойлгосон” хэмээжээ.

Ноён Trump-ийн “гэнэтийн дайралт” гэж тодорхойлсон Холбооны мөрдөх товчооны дээрх үйл ажиллагаа нь Trump Цагаан ордноос нууцын зэрэглэлд хамаарах баримт, материалуудыг Флорида дахь гэртээ аваачсан, устгасан эсэхийг шалгахтай холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яамнаас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Тухайн үед Trump гэртээ байгаагүй бөгөөд түүний хамгаалалтын агентууд тус нэгжлэгийн ажиллагаанд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан байна. Нэгжлэгийн явцад гэрийнх нь хаалгыг хүчээр эвдсэн зүйл байхгүй, хэд хэдэн хайрцгийг авч явсан бөгөөд үдээс хойш эрлийн ажиллагаа дууссан байна.

Ерөнхийлөгчийн баримт бичгийн тухай хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд үйлдсэн, хүлээн авсан бүхий л бичиг баримт, и-мэйлээ Үндэсний архивын газарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээдэг байна.

Үндэсний архивын газраас хоёрдугаар сард Trump-ийн Флорида дахь байшингаас Цагаан ордноос гарахдаа эргүүлж өгөх ёстой байсан 15 хайрцаг бичиг баримтыг олсон гэж мэдэгдсэн байдаг. Улмаар Конгресст эдгээр хайрцгуудад үндэсний аюулгүй байдлын нууц гэж тэмдэглэсэн зүйлс багтсан хэмээн мэдэгдсэн бөгөөд Хууль зүйн яамнаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүссэн байдаг.

Харин Donald Trump тухайн үед дээрх мэдэгдлийг үгүйсгэж байсан.

Энэхүү нэгжлэг нь нууц бичиг баримттай холбоотой олон сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад томоохон ахиц дэвшил гарсан үйл явдал бөгөөд, энэхүү явдал нь Trump Нью-Йоркт 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа үетэй давхацсан юм.

Trump “Урьд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчид ийм зүйл тохиолдож байгаагүй, Мөрдөн байцаалтын явцад холбогдох бүх байгууллагатай хамтран ажилласан байхад миний гэрт гэнэтийн дайралт хийх нь шаардлагагүй, зохисгүй үйлдэл бөгөөд ийм дайралт зөвхөн гуравдагч орнуудад л болдог. Харамсалтай нь Америк урьд өмнө байгаагүйгээрээ авлигад автсан улсуудын нэг болсон” гэж мэдэгджээ.

Нэгжлэгийн тухай мэдээ Donald Trump-ийн зарим дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд тэд Флорида дахь түүний байшингийн гадаа цугларч туг далбаагаа даллаж, уур бухимдлаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ Конгресст Бүгд найрамдах намын олон гишүүд уурлаж байгаагаа илэрхийлэв. Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын цөөнхийн удирдагч Kevin McCarthy “Хууль зүйн яам зэвсэглэсэн улс төржилтийн дааж давшгүй байдалд хүрлээ” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Joe Baiden-ий засаг захиргаанд Trump-ийн Флорида дахь байшинд Холбооны мөрдөх товчооноос нэгжлэг хийх тухай ямар ч мэдэгдэл ирээгүй талаар Цагаан ордны ахлах ажилтан CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан. Мөн улс төрийн дарамт шахалт, зохисгүй үйлдлээс зайлсхийхийн тулд Хууль зүйн яамны ажилтнуудтай харилцах харилцаагаа хязгаарлаж байгаа хэмээн Цагаан ордноос мэдэгдэв.

Trump-ийн хувьд аюул ба боломж

Вашингтоны сурвалжлагч Gary O’Donoghue-ийн хийсэн дүн шинжилгээ:

Холбооны мөрдөх товчоо юу хайж байсныг бид мэдэхгүй, гэхдээ шүүхээс эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхолд нийцүүлэн нэгжлэг хийх тушаал гаргадаггүй. Ямартай ч нэгжлэг хийх тушаал гаргахад гэмт хэргийн талаар найдвартай нотлох баримт байх ёстой бөгөөд тухайн эд хөрөнгөд нэгжлэг хийснээр түүнийг илрүүлж чадна гэдэгт шүүгч итгэлтэй байх буюу үндэслэл бүхий байх шаардлагатай.

Яг ямар гэмт хэргийг мөрдөж нэгжлэгийн ажиллагаа явуулсан эсэхийг бид мэдэхгүй, учир нь Хууль зүйн яам хараахан албан ёсны тайлбар хийгээгүй байна. Хамгийн магадлалтай хувилбар бол бол тангарагтны шүүх аль хэдийн ажиллагаа явуулж байгаа Trump-ийн нууцын зэрэглэлд хамаарах баримт бичигтэй буруугаар харьцсан асуудал юм. Энэ хэрэгт тэрээр гурван жилийн хорих ял авах магадлалтай.

Хуулийн хүрээн дэх энэхүү аюул нь мэдээжийн хэрэг экс ерөнхийлөгчийн хувьд муу мэдээ боловч энэ нь түүний хувьд улс төрийн асар том боломж юм. Donald Trump дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар бодож байх үеэр түүн рүү дайралт хийсэн нь түүнд таалагдах нь дамшиггүй. Түүний мэдэгдлийг нэг харвал эл санаа нь тодорхой харагдана.

Өөрийгөө бэлдээрэй: Trump-ийн шоу дахин эхлэлээ.

Donald Trump-ийн бусад хууль ёсны тэмцэл:

o   Төлөөлөгчдийн танхимын сонгон шалгаруулах хороо 2021 оны 1-р сарын 6-нд болсон АНУ-ын Капитолын үймээнийг тойрсон ноён Trump-ийн үйлдлийг шалгаж байна. /Хууль тогтоогчид Baiden-ийг сонгуульд ялсныг батлахаар Вашингтон ДС дахь Конгрессын ордонд цугларч байх үеэр Trump-ийг дэмжигчид үймээн дэгдээсэн/

o   Хууль зүйн яам 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэж буй экс ерөнхийлөгчийн асуудлыг авч хэлэлцэж байна.

o   Trump болон түүний хамтрагчид Жоржиа мужийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс оролцохыг оролдсон эсэхийг тус мужийн Фултон тойргийн прокурорын газар шалгаж байна.

o   Мөн түүний залилан мэхлэх, үнийн хөөргөдөл бий болгох, бэлгийн дарамт үзүүлэх гэх мэт олон төрлийн хэргүүд нь ажиллагаанд байна. Trump-ийн зүгээс дээрх бүх үйлдлийг үгүйсгэж байгаа юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-62472908

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.