Үерт өртсөн айлуудад таван сая төгрөг олгоно

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлыг танаж үерт өртөж их хэмжээний хохирол амссан 280 өрхөд нэг удаагийн тусламж 5 сая төгрөг олгох, ДИТХ-ын Төлөөлөгч нар үйл ажиллагааны зардлаа үерийн гамшгаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зориулахаар боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдаан танхимаар болон цахимаар явагдаж, 76.2 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хурлаар,

•Төрийн шагналд уламжлах тухай

•Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох

•Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах

•Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай

•Хурлын хорооны бүтцэд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр орсон усархаг борооны улмаас дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үер болж айл өрхүүдэд их хэмжээний хохирол учирсан. Орон гэргүй, хашаагүй, байшин нь амьдрах аргагүй болсон айл өрхүүд бий. Тэдгээр өрхөд дүүргийн зүгээс нэг удаагийн буцалтгүй тусламж 5 сая төгрөгийг олгох шийдвэрийг ДИТХ-д өргөн барихаар болсон талаараа дүүргийн удирдлагууд мэдээлэл хийж байсан. Тэгвэл энэхүү асуудлыг өнөөдөр Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн албажуулан баталлаа.

Үерт өртсөн хороодод Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн гурван баг судалгаа хийж үерт өртсөн 383 өрхөөс 280 өрхөд зайлшгүй тусламж шаардлагатайг тогтоосон байна. Энэ дагуу эдгээр өрхөд хүйтний улирал эхлэхээс өмнө нэг удаагийн тусламжийг олгохоор болсон бөгөөд шаардлагатай 1.4 тэрбум төгрөгийг ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаас гаргахаар болсон.

Мөн хуралдаанаар цаашид үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр орон нутгийн зүгээс хийх боломжтой ажлуудад ДИТХ-ын Төлөөлөгч нар үйл ажиллагааны зардлаа зориулахаар санал нэгдэж, 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгөд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.