Стратегийн ордыг “хулгайлсан” эзэд “цадах” болоогүй юу…

“Ухаа худаг”-ийг эзэмшигч MCS-тэй холбоотойгоор олон нийт төр, хувийн хэвшлийг дээрэмдэх гэлээ гэх буруу ойлголттой болчихлоо.
Гэхдээ төр дээрэм хийх бус, стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг ард түмэн буюу төр эзэмшинэ гэсэн хуулийн зохицуулалтыг л хэрэгжүүлье гэсэн юм шүү дээ.
Мэдээж хууль бусаар авчихсан бол эргүүлээд өгөх нь гарцаагүй.
Одоогоор стратегийн 16 ордоос ес хувийн хэвшлийн мэдэлд байна. Тэдгээрийн эзэд хэрхэн хууль хэрэгжүүлж тухайн ордуудад эзэн суусныг хөөвөл гараад л ирнэ. Тиймээс эртхэн Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлаа цэгцэлсэн нь дээр биз.
Одоогоор стратегийн есөн ордод дотоодын болон гадаадын 24 компани эзэн суучхаад байгаа. Тэдгээрээс дурдвал өнөөх л эрх мэдэл, албан тушаалд ойр шадарладаг MCS групп, “Энержи ресурс” Ж.Оджаргал, МАК Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав “Өсөх зоос”-ын Ч.Чинбат, “Гацуурт”-ын алдарт Л.Чинбат нарын хүмүүс толгой цохиж байгаа юм.
Дээрх хүмүүс өнгөрсөн хугацаанд багагүй ашиг олсон нь тодорхой. Учир нь, төрийн эзэмшилд байгаа стратегийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлдэг талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал нэгэнтээ хэлсэн.
Тиймээс монголчууд нийтээрээ ашгийг нь хүртэх ёстой ордыг хувьдаа завшиж хэдэн жил ашиглаж болсон юм чинь одоо эргүүлээд өгөхөд болохгүй юм ч үгүй л дээ.
Эх сурвалж: ERENNEWS.MN


