М.Энхболд, З.Энхболд хоёрын УЛС ТӨРИЙН ЗАВСАРЛАГА дууслаа

Нэг нь МАН-ынх, нөгөө нь АН-ынх л болохоос нэр нь хүртэл ижил, хоёулаа УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд, З.Энхболд нарын улс төрийн завсарлага дуусч, улс төрд эргэн ирж байгаагаа чимээгүйхэн зарлаж байна.
Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа хамтран ажиллах санал тавьж, өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайдаар томилсон нь олны анхаарлын төвд ороод байгаа юм.
Нэгэн цагт төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдийн улс төр дэх нэр хүнд, туршлага, танил талыг нь ашиглаж мега төсөл дээр гаднын орноос санхүүжилт, хөрөнгө оруулалт татдаг нь олон улсад байдаг жишиг юм. Энэ жишгийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ М.Энхболд, З.Энхболд нарын улс төрд нөлөө бүхий эрхмүүдийг урьж, тэднийг улс, эх орны хөгжлийн төлөө “ашиглаж” эхэлсэн нь сайшаалтай.
М.Энхболдын хувьд УИХ-ын даргын албан тушаалаа өгснөөс хойш улс төрөөс хол, чимээгүй байсан. Түүнийг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн байхдаа Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нартай хамтран төв талбай дээр жагсаал зохион байгуулж, улс төрөөс явуулж байлаа. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө М.Энхболдод санал тавьж, Тусгай үүрэгт Элчин сайдаар томилсон нь улс төрийн сонин, содон үйл явдал байв. Харин З.Энхболд “Женко” Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байв. Тэрбээр ажлаа өгснөөсөө хойш мөн л улс төрөөс хол байсан гэхэд болно. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам харгалзахгүйгээр түүнийг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилсон нь анхаарал татах үйл явц юм.
Ямартай ч Монголын төр УИХ-ын дарга асан М.Энхболд, З.Энхболд нарын улс төрийн туршлага, нэр төр, танил талыг ашиглахаар улс төрд урилаа. Нөгөө талаараа хоёр Энхболдын хувьд ч улс төрийнх нь завсарлага өндөрлөж, улс төрд эргэн ирж байгаагаа чимээгүйхэн зарлалаа.
Эх сурвалж: Erennews.mn


