Авлигачдын хөрөнгийг хураахыг АН-ынхан эсэргүүцжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т “Монгол Улсын иргэн шударгаар хөрөнгөтэй болж болно” гэж заасан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн энэхүү заалт эрх мэдэл, албан тушаалтай зарим нөхдөд хэрэгжихгүй явсаар иржээ.
Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байдаг.
Тухайн үед ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураан авах эрх зүйн орчны үндсийг тогтооно. Хэрэв батлагдах аваас өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана” хэмээн ярьсан.
Тэгвэл эрх мэдэл, албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураахыг АН-ынхан эсэргүүцжээ. Энэ талаар хамтарсан Засгийн газарт АН-аас хуулийн салбарыг толгойлж байгаа О.Алтангэрэл сайд ярилаа.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Авлигачдын хөрөнгийг хураан гэхээр УИХ-д нээх олон ухаантай хүмүүс гарч ирж байна. Энэ О.Алтангэрэл АН-аас сонгогдсон байж хүний хувийн өмчийг хураах гэлээ гэж ярьж байна. Манай намын Улс төрийн зөвлөл нэртэй хэдэн нөхөд хуралдаад энэ хуулийг болиулья гэж ярьсан байна билээ” гэсэн байна.
Эх сурвалж: Erennews.mn