С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдлийг Женко Х.Баттулга биелүүлж өгөх үү?!

Наанаа эх оронч дүртэй ч, цаанаа эрх ашгийн төлөө хэнтэй ч гар барихад бэлэн явдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, Монголын Улсын төрийн тэргүүн болох биелшгүй мөрөөдлөө ярьжээ.
Тэрбээр Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Ерөнхийлөгчийн сонгуульд үргэлж бэлэн байдаг хэмээн хэлсэн байна. Үүнээс дөрвөн жилийн өмнө мань эр Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно. Та нар санаа зовох хэрэггүй гэж ярьж байсан байх юм.
Хэрэв уншигчид санаж байгаа бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан ч сүүл мушгисан байдаг. Харин АН-аас нэр дэвшсэн Женко Х.Баттулга ялалт байгуулж, Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдож, тангарагаа өргөсөн юм.
Тухайн үед С.Ганбаатар МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай гар барьж, намынх нь дэд даргаар хүртэл ажиллаж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ удаад Ерөнхийлөгч асан, Женко Х.Баттулгатай гар бариад байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, Женко Х.Баттулгын Хөх Монголын хөх туг аяны хүрээнд 21 аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлджээ.
Учир нь, Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй, сонгогдох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын төрийн тэргүүн зургаан жилийн хугацаатай, ганцхан удаа сонгогддог болсон. Хуулиараа Ерөнхийлөгч болох боломжгүй болсон УИХ-ын гишүүн, Женко Х.Баттулга С.Ганбаатарыг ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр уяа, сойлгыг нь тааруулж эхэлсэн талаар амтай болгон нь ярьж эхэллээ.
Эх сурвалж: Erennews.mn