Г.Дөлгөөний хэргийг тусгаарлаад “таг мартчихсан уу”

Цагтаа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэх албанд заларч явсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших горьдлогоор ажлаа өгсөн байдаг. Гэхдээ МАН түүнд итгээгүй. Учир нь тэр тухайн үед яллагдагчаар шалгагдаж байсан. Харин одоо тэр хэргийн тухайд таг чимээгүй болчихсон.
Уг нь мань Г.Дөлгөөн Хөгжлийн банкны хэрэгт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаах, хахууль авах, өгөх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, нотлох барим хуурамчаар бүрдүүлэх, худал мэдүүлэх зэрэг гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл прокуророос Г.Дөлгөөний хэргийг тусгаарлах санал гаргаж, авч үлдэж байв.
Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга байх үедээ “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум, “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан гэгддэг. Ингэхдээ ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад зээл олгохыг дэмжсэн гэсэн үг.
Түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1.2-д заасан “Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс тав хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж яллагдах гэмт хэрэг.
Тийм байтал Г.Дөлгөөн прокуророос хэргийг нь тусгаарласан гэсэн шиг УИХ-ын сонгуульд хүртэл нэр дэвшинэ хэмээн итгэл үнэмшилтэй явсан нэгэн. Хэдий ч МАН түүнд итгээгүй. Атал хуулийн байгууллага толгойг нь илсээр байгаа. Тэгэхээр тэр хэзээ нэгэн цагт төрийн сэнтийд байг гэхэд аль нэг байгууллагын даргын суудал руу гэтнэ гэсэн үг.
Хачирхалтай нь, Хөгжлийн банкны хэрэг анх ил болж, нийтийн сонсгол зохион байгуулагдаж, шүүхээр орж холбогдсон этгээдүүд ялаа үүрч байгаа ч мань Г.Дөлгөөн огт гэм зэмгүй мэт явсаар байгаа.
Хөгжлийн банкны хэргийн сонсголын үеэр Г.Дөлгөөн “Надад холбогдох гэх хэрэг шалгагдаж байгаа. Яллагдагчаар татагдсан хэвээрээ байгаа. Хэрэгт холбоотой мэдээлэл задруулахгүй гэх нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэж бусдын амыг таглаж байв.
Тэгвэл өдийд уг нь түүний хэрэг шийдэгдэх хэмжээний цаг хугацаа аль хэдийн өнгөрчхөөд байхад албан тушаалтнууд чухам юу бодож явдаг юм бол доо.
Эх сурвалж: Erennews.mn