“Хөгжлийн банк” улстөрийн “хөнжил”-ийнх болох нь ээ

Хөгжлийн банкны хуудуутай үйлдлүүд цэгцэрч одоо л хөгжлийн замдаа оров уу гэтэл үгүй бололтой.

Уг нь хамтарсан Засгийн газраас тус банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилсон. АН-ын гишүүн л дээ. Түүнийг санхүүгийн салбартаа ч сайн нь гэдэг. Тэгсэн сахил хүртээд шал дордов гэгчээр Хөгжлийн банк улстөрийн “хөнжлийн банк” болчихлоо. Бараг л АН-ынхан “хувьчлаад” авчихаа юу гэлтэй.

Учир нь, зөвхөн “томчуудад” олддог байсан зээлийн булхай ил болж, боловсон хүчнүүд нь ч “яс” ажилладаг болчихсон тус байгууллагад дахиад л улстөрийн “тавиулууд” наалдах болсон байна.

Хэдхэн хоногийн өмнө бид АН-ын Х.Эрдэнэбаатарыг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар, МАН-ын Ж.Мөнхжаргалыг Бүтээмжийн менежерээр томилсон тухай хүргэж байв.

Тэгсэн тус банкны албан тушаалын бялуу хуваалт ингээд зогсоогүй, үргэлжилсээр байгаа бөгөөд УИХ-д сонгогдож чадаагүй, сонгуульд хувь нэмрээ “өндрөөр” оруулсан хүмүүсийн орогнох газар болж хувирчээ.

Шинэ томилгооны “гол дүр”-үүд хэн хэн байна вэ.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал болсон Х.Эрдэнэбаатар нь УИХ-ын 2024 оны сонгуулийн IV тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт АН-аас нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй нэгэн. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн.

Дараагийнх нь мөн УИХ-ын сонгуульд амжилт олоогүй нэгэн. Одоо Хөгжлийн банкны Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын захирал болчихсон тууж яваа Л.Болормаа. Тэр сонгуулийн үеэр АН-ын жагсаалтын 30-д бичигдэж байсан.

Удаах нь Хяналтын менежер буюу Санхүү удирдлагын газрын захирал Д.Аюурзана гэгч эмэгтэй бий. Өмнө нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” компанийн Ерөнхий нягтлан бодогч байсан. Хачирхалтай нь, тэр өдгөө УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын эгч бөгөөд дүүгээ Хөгжлийн банкны хэлтсийн дарга байхад “охин” компанийнх нь ерөнхий нягтлан байсан байгаа юм.

АН-ынхан тус банканд бараг эзэн сууж байгаагийн нэг илрэл нь УИХ-ын сонгуульд “унасан” хүмүүсээ өөд нь татаж байгаагаас харагдана. Тэдний нэг нь Захиргаа удирдлагын газрын захирлаар томилогдсон Н.Гансүх. Тэр НИТХ-д Налайх дүүргээс нэр дэвшээд бас л унасан. АН-ын даргын хүн учраас арай дээгүүр “алхаж” байгаа нь энэ.

АН-аас Хөгжлийн банканд төвхнөгч дараагийн хүн нь Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон Д.Басбиш. Мань хүн 2020 онд НИТХ-ын 11-р тойрог Сонгионохайрхан дүүрэгт нэр дэвшиж байжээ.

Хөгжлийн банкны дээрх улстөрийн намын томилгоон дунд МАН-ын нэг төлөөлөл бий. Тэр нь Ж.Мөнхжаргал бөгөөд М.Энхболдын хүн гэдгээрээ алдартай. Түүнийг Хөгжлийн банкны Бүтээмжийн менежер болгосон нь эгээ л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэсэн шиг тус банкийг намууд хувааж мэрэх нь гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.