Б.Дэлгэрсайхан сайдын ашиг сонирхол төрийн төмөр замуудыг дампууруулах уу

Монгол Улсад зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам хөгжинө гэдэг эгээ л “үлгэрийн далай” гэдэг болох нь ээ. Нэгэн үе өргөн, нарийн цариг гэж маргаж, мухар төмөр замтай үлдэж байсан. Харин энэ удаа тухайн ажлууд овоо урагштай болоод ирмэгц салбарын сайд нь гацаах нь ээ.

Тодруулбал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын Төмөр зам, Тавантолгой зам төмөр компанийн ажилчдыг бөөнөөр нь халсан тухайгаа мэдэгджээ. Мань сайд хоёр компанийн ажилчдыг Авто тээврийн үндэсний төвийн зааланд ирэхийг үүрэгдэж, хурал хийх нь гэж очсон нөхдийг ажлаас халагдсан тухай нь дуулгажээ.

Ингэхдээ “Бүгдийг чинь ажлаас халсан, сонгон шалгаруулалт зарлана. Хүсвэл тэнцсэн нь ороорой” гэж томорчээ. Үүнийгээ зүгээр ч хэлээгүй яг л хаа нэгтээгээс цуглуулсан “хулгайч” нарыг атаман нь загнаж буй мэт ихэд дээрэнгүй хандсан нь хоёр төмөр замд ажиллагсдын дургүйг ихэд хүргэсэн байна.

Гэнэт хуралд дуудагдсан мэт оччихоод ажилгүй болсноо дуулсан хүмүүс ихэд бухимдаж, өдгөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамт олноо төлөөлөхөөр болоод байгаа аж.

Үнэн хэрэгтээ Б.Дэлгэрсайхан сайдыг хувьдаа төмөр замтай, хамгийн олон вагонтой гэдгийг монголчууд бүгд мэднэ. Өөрөө ч “УБТЗ вагонгүй байхад би 3000 вагон оруулж ирж эдийн засагтаа том хувь нэмэр болсон. Би хувийнхаа ачааг энэ вагоноор зөөдөггүй шүү” гэж ярьсан үе бий.

Анх сайдаар томилогдох үед нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж байхад үл тооцгоож байсан бол өнөөдөр түүний жинхэнэ төрх ил болж байгаа бололтой.

Ингээд ч зогсохгүй 2023 онд Ханги-Мандалын чиглэлийн 226 км төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр Монголиан транс лайн компанийн эцсийн өмчлөгч Г.Гантулга нь Б.Дэлгэрсайхан сайдын ах Б.Ганхуягийн хүү нь. Энэ төмөр зам нь хэдий концессын гэрээгээр баригдсан ч Б.Дэлгэрсайхан сайдын хувьд нэлээд алдагдалтай үйл ажиллагаа болчихсон.  

Тэгэхээр цаашдаа мань сайд дээрх төмөр замуудын ажилчдыг хоморголон халж, хувийн бизнестээ ашигт хувилбар гаргаж ирэх гэж байгаа юм биш үү гэх хардлага ч бий болоод байна.

Юутай ч Засгийн газар хөгжлийн 14 мега төсөлдөө төмөр замуудаа багтааж, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьсан ч энэ мэт сайдуудаас болж, бүх ажил нь гацаанд орох шалтаг ч гарч мэдэхээр боллоо. Учир нь төмөр замын ажлыг мэргэшсэн мэргэжилтнүүд хийхгүй бол хэн дуртай нь очоод “суучихаж” болдоггүй салбар биз дээ.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.