Ц.Нямдорж улс төрөөс яваагүй, гэхдээ ҮГ НЬ ҮЛДЭНЭ

Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал тогоо”-г барьж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж өөрийн ажлаа Д.Амарбаясгаланд шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үед түүнийг улс төрөөс “явлаа”, “зодог тайллаа” гэх мэтээр хэвлэлүүд бичиж байлаа.
УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, хуулийн салбарыг таван ч удаа толгойлж, УИХ-ын даргаар хүртэл ажиллаж явсан Ц.Нямдоржийг улс төрөөс хол байна гэдэгт нь олон хүн эргэлзсэн ч тэр 2021 онд ЗГХЭГ-ын даргын ажлаа өгснөөс хойш улс төрөөс хол, чимээгүй яваа.
Харин өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан. Энэ үеэр Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Улс төрд байхдаа гал шиг дүрэлзээд байхгүй үедээ чимээгүй байсан нь дээр” хэмээн ярьсан нь үе нь дууссан ч улс төрөөс явдаггүй зарим нэгнийг чимхээд авах шиг боллоо.
Үнэндээ манай улстөрчдөд нэг сул тал бий. Улс төрөөс явж чаддаггүй, ямар нэгэн албан тушаалд томилогдчихсон л гүйж явдаг. Өөрөө биш юм аа гэхэд үр хүүхдээ улс төрд оруулдаг, тэдэндээ албан тушаал авч өгдөг нь нууц биш. Тэгвэл Ц.Нямдоржийг улс төрөөс явсан эсэх нь, тэр эргэж ирэх эсэхээс үл хамаарч түүний хэлсэн үг нь үлдэнэ. Түүний хэлснээр улстөрчид улс төрд байгаа цагтаа гал шиг дүрэлзэж, байхгүй үедээ чимээгүй байдаг цаг харин хэзээ ирэх вэ.
Эх сурвалж: Erennews.mn