Сонгогчгүй “дурын хонгио” буюу Женкогийн “гал хамгаалагч”

Парламентын танхимд жагсаалтын, тойргийн гэсэн хоёр төлөөлөл бүхий гишүүд бий. Тэдний дунд тойргоос гарсан Даваагийн Цогтбаатар суугаа. Уг нь хуулиа хэрэгжүүлдэг улсад бол аль хэдийн эгүүлэн татах ёстой. Гэсэн ч өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч мэт дүр эсгэсээр байгаа.
Д.Цогтбаатарын хувьд Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, тэр үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулсан ч хууль, цаазтай Монгол Улсад байгаагийн хувьд гэм буруутай нь нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон.
Ингэснээр Д.Цогтбаатарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Гэтэл УИХ-ын I тойрог буюу чуулганы хуралдаанд саналын эрхтэйгээр оролцож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа. Учир нь Д.Цогтбаатарын хувьд шүүхээс ял авчихсан болохоор хэн нэгнийг төлөөлөх байтугай хэргээ хүлээгээд явах цаг нь болчихсон.
Харамсалтай нь, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Д.Цогтбаатар гишүүүний асуудал хуулийн гацаанд орчихсон” гэдэг үг унагаснаас болж тэр дураараа дургисаар сарын нүүр үзлээ.
Үүнийх нь цаана Д.Цогтбаатарыг цэвэрхэн авч үлдэх эсвэл араас нь түүнийг орлох хүнийг зүтгүүлэх АН-ын төлөвлөгөө явж байгаа. Бүр цаад “олсны үзүүр” нь УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотойгоор ямар нэг санал хураалт явбал нэг кноп хэрэгтэй гэдгийг мэдэрчихсэн яваа гэсэн үг.
Харин зарим гишүүний хувьд Д.Цогтбаатарыг явуулах эсэх нь дараагийн гишүүн болж тангараг өргөх хүн бэ гэдгээс шалтгаална гэж байна билээ.
Тэгэхээр Д.Цогтбаатарын орыг хэн залгамжлах вэ гэдэг асуудал үүсэх бөгөөд сонгогчдын хувьд Д.Цогтбаатар хэнийг ч төлөөлөх эрхгүй. Дээрээс нь Женко Х.Баттулгын дохиогоор ажиллах хэн нэгэн хэрэгтэй учраас түүнийг бэлэн болохыг хүлээн цаг хожиж байгаа бололтой.
Эх сурвалж: erennews.mn