Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд нарт монголчууд хамгийн их хамаатай биз дээ…

БНСУ руу зорчиж буй иргэдийн тодорхой хувьд нь ямар нэг шалтгаангүйгээр хилийнх нь шалган дээрээс буцдаг талаар монголчууд байнга бухимдан өгүүлдэг.
Сүүлийн үед өмгөөлөгч Р.Булгамаа ч энэ талаар яаралтай, тодорхой арга хэмжээ авахыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад ч хандаж, анхаарахыг хүссэн. Харамсалтай нь, байдал дээрдсэнгүй. Хамгийн сүүлд хоёрхон настай хүүхдийг ээжтэй нь өнөөх л өрөөндөө хорьж, идэж, уух зүйлгүй байлгасан талаар цахим орчинд “шуурч” байна.
Өнөөдөр ч БНСУ-ыг зориод шалтгаангүйгээр буцаагдсан иргэд Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд хандаж байна.
Мэдээж монголчууд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр тус улсыг зорьдог. Үнэн. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар зорих нь ч нэмэгдсэн. Аяллын журмаар ч нисэж очиж буй.
Гэтэл тус улс виз өгч үүдээ дэлгэчхээд нис очоод босгыг нь давах гэхээр буцаагаад өшиглөж байгаа нь монголчуудыг эдийн засаг, эрүүл мэнд гээд бүхий л зүйлээр нь хохироосоор байгаа.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл авахад өнгөрсөн жил 3000 хүн виз авсан гэдэг мэдээллийг өгсөн. Үүний 500 нь цахимаар, 2500 нь биечлэн авсан байсан. Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 20 мянган монгол иргэн БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Энэ бол нийт тоо. Ажлын, аяллын гээд бүх төрлийн визээр очоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо.
Гэтэл хамгийн ихээр зорчиж буй тус улсад монголчуудын эрх ашиг, хүний эрх зөрчигдсөөр байхад салбарын сайд болон тухайн оронд суугаа Элчин сайд нь ганхийхгүй байгаа нь эгдүүцмээр.
Өмгөөлөгч Р.Булгамаа тэргүүтэй иргэд дээрх үйлдлүүдийг эсэргүүцэж эхэлсний дараа буюу өнгөрсөн сарын сүүлээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг ГХЯ-нд хүлээн авч уулзсан.
Тэр уг нь “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавилаа” гэж байсан ч ямар ч үр дүн, хариу арга хэмжээ алга.
Түүнчлэн тус улсад суугаа Элчин сайд С.Сүхболд нь мэргэшсэн диломат буюу ГХЯ-ны мэргэжилтнээс дэвшсээр өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч байгаа.
Харамсалтай нь, тэр амин хувиа л бодохоос ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хөдлөхгүй байгааг буцаж ирж буй хүмүүс ч хэлж байна.