Дорнод дахь хээрийн түймрийг унтраалаа

Гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ ойн гал түймрийн цэг илэрсэн. Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн тавдугаар сарын 15-ны 18:46 цагт Онцгой байдлын албанд Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Чойбалсан сумын мэргэжлийн анги, Минжүүрийн уурхайн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:30 цагт унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 720 га хээрийн талбай шатсан байна.