УЕП ажлаа хийж, Х.Баттулгаас “Төгрөг нуур”-аа авахгүй юм уу

Сар гаруйн өмнө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд”-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 250 сая ам.доллароор зарсан тухай асуудалтай холбоотой 507 хуудас бүхий баримт материалыг АТГ-т хүргүүлсэн.
Энэ дагуу нь Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад шалгаж эхэлсэн. Гэтэл таг…
Бүр сүүлдээ цахим хуудастаа “…Та бүхэнд болон Монголын ард түмэнд хандан хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд “Төгрөг нуурын орд”-ын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно гэдгээ дахин илэрхийлье…” хэмээн тохуурхаж сууна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч “Х.Баттулга гуай Та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу? Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллароор зарчихсан шүү дээ.
Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчхаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн. Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй.” гэсэн байна.
Одоо яг яах ёстой вэ. Хууль, хүчний байгууллагууд хамтарсан баг гаргаад ч ажил нь урагшлах шинжгүй, нэр холбогдогч Ерөнхийлөгч асан нь ард нийтээрээ тохуурхан, баталчихвал би бууж өгье ухааны асуудал ярьж байгааг хэрхэн ойлгох вэ.
ЗГХЭГ-ын дарга баримтуудыг өгчхөөд байхад ч хойш татаж, хугацаа алдсаар байх уу. Монголчууд Баялгийн сантай болсон ч ордуудаа эргүүлэн авч чадахгүй гацсаар суух уу. Ёстой л Ерөнхийлөгч байсныхаа хэрээр одоо ч эрх ямба эдэлж, монголчуудын тархиар “сега”-дана гэдэг нь болж байна даа.
Эх сурвалж: Erennews.mn