Баян сайдуудын балаг Монгол Улсад багадаагүй шүү

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд тодорч, олон хүн хөлийн хурд, түрийвчний зузаанаа шалгахаар зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын кабинетад багтаж, сайд болохын тулд МАН-ын дарга нарыг тойглож эхэлжээ.

Гэхдээ гаднаас Ерөнхий сайдтай болж байгаагийн хувьд Засгийн газраа хүчтэй байлгахын давхар дээлтүүдээс сонголт хийх шаардлага тулгарна.

Гэхдээ аль ч Засгийн газарт шургалчихдаг мөнгө, зоос арвинтай, ашиг, сонирхлын зөрчилтэй хүмүүсээ энэ удаа өнжөөмөөр байна.

Тухайлбал, одоо “унаж” байгаа Засгийн газарт байгаа Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан нарыг зүглүүлэх ч хэрэггүй гэдгийг Г.Занданшатар харсан л байх. Яах вэ, дээрх хүмүүс бол УИХ, МАН доторх хамгийн баян хүмүүс, бизнесмэнүүд мөн.

Гэхдээ УИХ-д 3-5 удаа сонгогдож, 2-4 удаа сайдын алба хашсан гэхэд Монгол Улсад гийгүүлсэн ажил нь хэд билээ.

Жишээлбэл, Б.Чойжилсүрэнгийн хувьд парламентад таван удаа сонгогдсон, Сангийн болон Эрчим хүчний сайдаар ажилласан. Түүний балгаар ирэх өвөл нийслэлчүүд хөлдөж мэдэх аюулд автсан гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар ч хэлсэн. Дээрээс нь хотын газрын ихэнхийг авч, цементэн ширэнгэ болгоход хамгийн их хувь нэмрээ оруулсан хүн.

Удаах нь MCS буюу Л.Энх-Амгалан. Мань хүн бас л дөрвөн удаа УИХ-д сонгогдож, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар тус тус ажилласан. Тэр цахим орчны давлагаагаар л ажлаа хийхээс биш бодит амьдралд тулгуурласан шийдвэр гаргах нь тун ховор.

Сайд байтугай Ерөнхий сайд болох холын мөрөөдөлтэй хүн бол С.Бямбацогт. Бас л дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гурван ч удаагийн Засгийн газарт ХЗДХ, Зам, тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Сайд болоогүй үедээ байг гэхэд Байнгын хорооны дарга гэж зүтгэдэг хүн.

Дараагийнх нь Б.Дэлгэрсайхан. Гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Уг нь өмнөх Засгийн газарт тэр түгжрэлийн сайд буюу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга байсан. Гэхдээ ажлын үр дүн байхгүй нь өнөөдрийн замын хөдөлгөөнийг харахад л ойлгомжтой.

Сая сүүлд Зам тээврийн яамыг өөрийн компани мэт аашилсан хэмээн ажилтнууд нь ихэд дургүйцэж байсан. Өөрөө хувьдаа хоёр төмөр замын компани, 3000 вагонтой хүн. Тэгмэгцээ, сайд байхдаа Тавантолгой төмөр зам, Монголын төмөр зам хоёрыг сайжруулах бус хамаг ажлыг нь гацааж, мөн л бүх ажилтныг нь халж, хамаг уурыг нь барсан хүн.

Энэ мэтчилэн МАН авлага, хандив их авсан гишүүддээ сайдын суудлаар өр цайрдаг ажлаа больж, ажил хийх, менежмент сайтай хүмүүсээ уримаар байна. Ерөнхий сайд нь унахад, мөнгөтэй хүмүүс нь сайдын суудал сэлгэдгээ болиосой.  

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.