Х.Нямбаатар дарга аа, хууль бусаар томилогдсон Х.Бат-Ирээдүйг хэзээ зайлуулах вэ!!!

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа өгснөөс хойш Хотын дарга Х.Нямбаатар руу улстөрийн хүрээнийхэн ноцох болсон.
Өнгөрсөн хоногуудад түүн рүү дайрах дайралт улам “ширүүсч” Х.Нямбаатартай холбоотой баримт сэлтийг цуглуулж эхэлсэн байна. Тэдгээрийн нэг нь НЭМГ-ын даргаар хууль бусаар томилогдсон Х.Бат-Ирээдүйтэй холбоотой. Түүний энэ асуудал Хотын дарга Х.Нямбаатарын сул тал болж мань хүний бүх томилгоог Төрийн албаны зөвлөлөөр шалгуулахаар болжээ.
Анх Х.Бат-Ирээдүйг тухайн албан тушаалд залж болохгүй, ажлын байрны шаардлага хангахгүй этгээд гэдгийг Х.Нямбаатар мэдсэн ч түүнийг “ногоон гэрлээр” томилсон нь маш том алдаа болсон.
Учир нь, Х.Бат-Ирээдүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нартай үеэл гэдгээрээ далайлган НЭМГ-ын хаалгаар бус “тооноор” орж очсонд тус газрын албан хаагчид ихэд дургүйцэж, түүнийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, үл тоож буй аж.
Х.Бат-Ирээдүй эрх мэдэлтэй үеэл ах нарынхаа “буян”-аар НЭМГ-ын дарга гэх маш чухал албан тушаалд томилогдсон хэрнээ ажилтнууддаа ад үзэгдэж, ажлаа хаяж яван, өчигдрөөс л ажил дээрээ ирэх болжээ.
Сайндаа ч биш, өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар УОК-ийг хуралдуулж, улаанбурханы дэгдэлтийг яаралтай бууруулж вакциныг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Гэтэл нийслэлийн хэмжээнд улаанбурханы өвчлөлийн товлолт вакцинд хамрагдсан хүүхдийн тоон мэдээллийг НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй одоог хүртэл бодитоор гарган, цахим системд бүртгэн, дүн шинжилгээ хийгээгүй, өвчилсөн тохиолдол бүрт тандалт судалгаа хийж, халдварыг таслан зогсоогоогүй. Мөн ЭМТ-үүд, өрхийн эмнэлгүүдийг үүрэгжүүлэн, чадавхжуулаагүйгээс вакцинжуулалтын ажил удааширсан, олон нийтэд өвчний хор уршиг, түүний эсрэг хийгдэх вакцины ач холбогдлын талаар мэдээлэл сурталчилгаа хийгээгүй байдлаас үүдэн улаанбурханаар өвчилсөн, нас барсан хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Уг нь, ТАЗ 2025.05.30-нд Хотын дарга Х.Нямбаатарт НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүйн хууль бус томилгоог 2025.07.01-ний дотор хүчингүй болгохыг даалгасан тогтоол илгээжээ. Гэтэл Х.Бат-Ирээдүй үеэл ахынхаа нэр хүндийг шороотой хутгасаар байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар, УОК-оос гаргасан үүргийг умартаж улаанбурханаар өвчилсөн, нас барсан хүүхдийн тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж буй нь Хотын дарга Х.Нямбаатарын хүзүүнээс олс уяж, түүний албан тушаалыг эрсдэлд оруулах нөхцөлийг хангалаа.
Тиймээс Х.Нямбаатар дарга аа, хууль бусаар томилогдсон Х.Бат-Ирээдүйг хэзээ зайлуулж НЭМГ-ыг хэвийн ажиллагаатай болгох вэ.
Эх сурвалж: Erennews.mn