Баарны орлогоо бөх, моринд зориулдаг Б.Нямжавын гомдлыг МАН дэд сайдын суудлаар “тайлна”

УИХ-ын 2024 оны сонгуулиар тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшихээр зэхэж явсан Б.Нямжавын татаас хүчгүйдэж, эрхээ ч авч чадалгүй, хоосон хоцорсон.

Уг нь хөөрхий Б.Нямжавыг улстөрийн хүрээнийхэн М.Энхболдын хүн гэдгээр нь андахгүй. Өнгөрсөн жил УИХ-д нэр дэвшихийн тулд аятайхан гуншинтай болох гээд өөрийгөө өв тээгч гэх болсон. Тиймээс ч Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн зэрэг ажлыг гүйцэтгэж байсан нь “татаас” ах М.Энхболдоос нь өвлөж ирсэн албан тушаалууд.

Мань Б.Нямжавыг хурдан морь сонирхогчид л мэднэ үү гэхээс баргийн нөхөр танихгүй, сураггүй.

Тиймээс ядаж Төв аймагтаа танигдахын тулд “Төв түмний золголт-2023” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж, “Дүнжингаравын ирээдүйн аваргуудаа зодог шуудагжуулах” аян гээчийг эхлүүлж аймгийн харьяат 6-18 насны бүх эрэгтэй хүүхдэд зодог, шуудаг бэлэглэж байлаа.

Эгээ л түүний сул тал мөнгөтэй гэдэг шиг авирласан л даа, сонгуульд нэр дэвшихийн тулд.

Тодруулбал, Б.Нямжав “Set club”, “Choco Metropolis club”, “Castle club” зэрэг том баарнуудын эзэн. Хотын шоучдын мөнгөөр бийлэгжүү загнан аймгийнхаа 100 жилийн ойн бай шагналд “баавар”-тай загнаж, шинэ цолтон болон аймгийн наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдэд багадаа 100 сая төгрөг өгсөн.

Өөрөөр хэлбэл, мань Б.Нямжав Төв аймгийнхныг бол бөх, мориор нь хөөргөж байгаад сонгогдчихно гэж бодож явсан ч МАН эцсийн мөчид итгэл үзүүлэлгүй, хөсөр хаячихсан.

Одоо ганц боломж олдсон нь түүнд “ДЭД САЙД”-ын суудал бэлтгэж байгаа аж. Үнэндээ морь сонирхож уядаг байлаа ч Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч ч болж чадаагүй хүнийг заавал улстөр рүү чирээд байгаа нь ямархан өр, авлагын асуудал байна вэ гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна даа.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.