Ерөнхий сайд аа, Б.Нямжав ямар үнээр дэд сайд болох гэж байна вэ

Шинээр бүрдсэн Засгийн газарт МАН-аас хоосон хоцорсон гишүүд нь багтахын тулд дэд сайдын суудал “эргэн ирэх” гэж байгаа.
Одоогоор нэр дэвшин, яригдаж байгаа хүмүүсийн тоонд уяач Б.Нямжавын нэр нэлээд дээгүүр яригдаж байгаа бөгөөд МАН-ын гишүүд дундаа нэлээд хөрөнгөтэйн дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр багагүй хандив өгчихсөн. Гэвч хоосон хоцорчихсон болохоор одоо ч ямар нэг албан тушаалд очно гэсээр яваа.
Гэхдээ МАН хэдий мөнгөтэй байсан ч ганц өдөр төрийн албанд ажиллаж үзээгүй Б.Нямжавыг тийн өндөрт залмааргүй байна.
Учир нь, дэд сайд гэдэг тухайн салбарын сайдыг эзгүй тохиолдолд бүх асуудлыг шийдвэрлэх, чиглэл өгөх, бусад улс, орнуудад сайдаа төлөөлөх, аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Атал мань Б.Нямжав “Эм Жи Эл корпорац”, “Чоко метрополис”, “Кастл цогцолбор”, “Сэт клуб” зэрэг өөрийн эзэмшлийн баахан баар, цэнгээний газраа удирдаж, сонирхолдоо хөтлөгдөн Монголын морин спорт, уяачдын холбоонд албан тушаал хашсан түүхтэй хүн.
Гэтэл МАН-ынхан мөнгө сайн төлснийг нь өөд нь татдаг муухай “намчин” зангаар Б.Нямжавыг дэд сайд болгох гэж байгаа нь төрийн албыг хэн мөнгөтэй нь худалдаж авч болдог жишиг тогтоох нь гэж харагдаж байгааг эрхэм Ерөнхий сайд тунгаан бодож, эцсийн шийдвэрээ гаргаасай.
Олон нийтийн хувьд ч Б.Нямжав уяачаас гадна хуучин Лениний музейг МАН мэдэлдээ байлгаж байх үед тэнд цэнгээний газраа ажиллуулж байсныг нь мэднэ. Төр Лениний музейг авахад “Би тэндээс орлого олж байсан” гэж шүүхдэж байсныг нь санаж байгаа биз ээ. Тийм л бизнесийн салбарын увайгүй нөхрийг бид яагаад татварын мөнгөөрөө цалинжуулах хэрэгтэйг, эрхэм Ерөнхий сайд тайлбарлаж өгөх юм болов уу, аль эсвэл хуулийн дагуу өөр хүнээ томилох юм болов уу.
Эх сурвалж: Erennews.mn