Хуурамч дипломтныг өөгшүүлж байсан хурган дарга нар хэн бэ?

Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох албан тушаалтан нь дээд боловсролтой хүн байх ёстой. Гэтэл Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.
Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах нийтлэлийн мөрөөр түүний хуурамч дипломтой нь илэрсний дараа тэрээр ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.
Түүнийг хуурамч дипломтой болохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, өмнөх дарга Г.Баярсайхан нар мэддэг байсан ч ийнхүү төрд ажиллуулж байсан нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал юм. Хуурамч диплом болон баримт бичиг бүрдүүлж, төрд ажилласан бол ажилласан жилийн хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр болсныг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байлаа. Мөн хуурамч дипломтой болохыг мэдсээр байж, ажиллуулж байсан бол тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд ч арга хэмжээ авахаар болсон Улсын дээд шүүхийн шийдвэр бий.
Харин тэд өөрсдийнхөө арьсыг хамгаалж, Т.Батбилэгийн хуурамч дипломын асуудал олон нийтэд ил болонгуут яаран сандран, түүнд шахалт үзүүлж, өргөдлийг нь өгүүлсэн байж болзошгүй байгаа юм.
Хэдийгээр Т.Батбилэг нь өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх боловч төрийн албанд ажилласан цалин хөлсөө эргүүлэн төлсөн эсэх нь тун эргэлзээтэй. Түүнийг хуурамч дипломтой болохыг мэдсээр байж, толгойг нь илж байсан Б.Одбаяр, Г.Баярсайхан нар ч хамтдаа хариуцлага үүрч, хуулийн өмнө эрх тэгш баймаар байна.