Г.Занданшатар даргаа, “зангуу шиг наалдсан” Б.Чагнаадорж мэтийн хүмүүсээ яах вэ…

Засгийн газар Бүтээмжийн менежерүүдээсээ салахын зэрэгцээ цүнх баригчдаа ч төрийн албан тушаалаас зайлуулах цаг нь болсон гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар ойлгож байгаа болов уу. Эсвэл өөртэй нь ойр байсны шагналаа хүртэж яваа хүмүүсээ хараагүй мэт, толгойг нь илээд өнгөрөөх үү.
Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад нь ихэд дотносон ойр гүйсэн хүмүүсийн нэг нь өдгөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж буй Б.Чагнаадорж. Тойглож явсан Г.Занданшатар нь УИХ-ын даргын сэнтийгээс унахад өөрийн албан тушаалд нь хамгийн их нөлөө үзүүлэх хүн байсан Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учралыг “хормойдож” эхэлсэн Б.Чагнаадорж сүүлийн үед дуу нь чангарах болжээ. Учир нь, Г.Занданшатар Ерөнхий сайд болчихсон.
Үнэндээ Б.Чагнаадоржийн ажиллаж байсан байгууллагууд нь өөдөлсөн гэхээс илүү элдэв томилгоо, албан тушаалын аливаа маргаантай байсаар ирсэн.
Түүнийг олон нийт “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа “Шижир алт” үйлдвэрийн захирал байсан гэдгээр нь мэднэ. Сүүлд буюу 2024 онд Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэх замаар Үндэсний баялгийн санг эргэлтэд оруулах зарчмын хүрээнд өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар томилсон.
Б.Чагнаадорж Шижир алтын захирал байхдаа ажилтнаа халж, өөрийн хүрээний хүмүүсээ томилж байсныг одоо ч тухайн үед байсан хүмүүс нь ярьдаг.
Яг энэ зарчмаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаа. Мэдээж тэр өөрөө нутгийн ахынхаа буянаар томилогдсон болохоор “даам” байдаг гэдгийг ажилтнууд нь ч хэлдэг.
Өөрөөр хэлбэл ажлын бүтээмж муутай МАН-ын ах нарынхаа буянаар төрийн өмчит компаниудад сэлгэн ажиллаж яваа л хүн шүү дээ.