Д.Амарбаясгалан дарга аа, намрын чуулганаар гэмт хэрэгтнээ “үдэх” үү

Сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Парламентад хэлэлцэж дуусаагүй, эцэслэгдээгүй олон асуудал бий. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах тухай ч яригдах ёстой.

Учир нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Мань хүн 2016-2020 оны хооронд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон бөгөөд гурван шатны шүүхээр хэлэлцэж, хянаж явсаар хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх шийдвэрээ гаргасан.

Ингэхдээ Д.Цогтбаатарыг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгохоор болсон.

Түүнээс хойш Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудал яригдсан ч шүүхийн тогтоолоо гардаж аваагүй гэдэг тайлбар тавьсаар ирсэн.

Үнэндээ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийтгэх тогтоолыг заасан өдөр нь аваагүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр тогтоолыг гардаж авахгүй тойрч зугтаагаад байсан хэрэг.

Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хоёр сарын дараа /2025.04.21/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудлыг хуульч гишүүд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан ч өнөөгийн хууль эрхзүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр эцсийнх боловч шүүхийн шийдвэр гарах хүртэлх процесст нь алдаа байна гэж үзсэн. УИХ-ын гишүүнийг халдашгүй байдалтай хэвээр нь шүүж, шүүх эцсийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй. Энэ асуудлаар УИХ-ын ХЗБХ, ТББХ-ноос ажлын хэсэг гараад ажиллаж байна” гэж “томорсон”.

Товчхондоо АН гишүүндээ хариуцлага тооцох бус хаацайлан авч үлдэх гэсэн оролдлого хийж байгаа гэдгээ л тайлбарлачхаж байгаа юм.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад гэмт хэрэгтэн таахалзаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэнбугай ч мэдэж байгаа. Тэр ч утгаараа УИХ-ын намрын чуулганаар хамгийн түрүүнд гэмт хэрэгтэн гишүүнээ эгүүлэн татах ёстой. Эс бөгөөс хэзээ нэгэн цагт батлалцсан хууль нь ч хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй эрсдэл дагуулах биз ээ.    

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.