АН-ын дарга хэн байхаас шалтгаалж МАН-ын дарга тодорно

АН-ын ҮБХ өнөөдөр хуралдана. 380 гаруй гишүүнтэй тус хорооны хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
Мэдээж нөхдийнхөө зөвлөсний дагуу болон өөрийгөө намын даргад нэр дэвшүүллээ гэсэн олон хүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл.
Тэдний зарим нь үнэндээ АН-ын дарга болох ямар ч боломжгүй. Учир нь, АН-ын дүрмийн 5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гээд заачихсан.
Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар шууд унах нь тодорхой. Яах вэ, “тэжээгч”-дийн дэмжлэгээр О.Алтангэрэл нарын хэлснээр эхлээд Дүрмээ өөрчилдөггүй л юм бол Дээд шүүх АН-ын “шинэчлэл”-ийг бүртгэхгүй, өмнөх түүх давтагдана гэсэн үг.
Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нараас сонголтоо хийнэ.
Харин тэдний сонголт, хурлын үр дүнгийн дараа МАН ирэх есдүгээр сард Бага бас Их хурлаа төлөвлөөд байгаа.
Одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарын хувьд суудал нь хэзээ ч ганхаж магадгүй гэдгийг мэдэрчихсэн. Гэхдээ МАН-ын албан ёсны дарга болчхоогүй учраас дур мэдэн, том дуугарч болохгүй.
Өмнөх Ерөнхий сайд буюу одоо МАН-ын даргын суудлаа өгөөгүй яваа Л.Оюун-Эрдэнэ хэсэг чимээгүй байсны эцэст хөдөлгөөнд орж, уулзалтуудынхаа хугацааг ойртуулсан зэрэг нь бүгд АН-ын даргын сонгууль, өнөөдрийн ҮБХ-ны хуралтай холбоотой.
Тэгэхээр АН даргаа сонгосны эцэст МАН-ын нүүдэл ил болно. Товчхондоо Монгол Улсад МАН, АН хоёр цаанаа бол нэг л улстөрийн хүчин болж таараад байна.
Эх сурвалж: Erennews.mn


