Б.Чойжилсүрэнгийн 100 хоногоос болж монголчууд хөлдөж үхэх үү

Монголчууд ирэх өвөл цахилгаангүй харанхуй, дулаангүй хөлдөх эрсдэлтэй байх нь ээ. Тиймээс эртхэн ахуйн газ, лаагаа бэлдсэн нь дээр ч байж магадгүй нь.
Учир нь, Б.Чойжилсүрэнгийн 100 хоног дуусахад ердөө 24-хөн хоног дутуу үлдсэн. Харин тэр хүн ДЦС-III-ын асуудлыг шийдсэн байж болох ч бусдыг нь үгүй бололтой. Учир нь дөнгөж өчигдөр л гэхэд ослоос болж Эрдэнэт ДЦС хүчдэлгүй болсон. Ингээд ч зогсохгүй Эрдэнэт ДЦС, Эрдэнэт үйлдвэр ДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай гээд найман аймаг цахилгаангүй болсон.
Одоо энэ ослын шалтгааныг хэрхэх вэ, бас л хэн нэгэнд тохох уу. Энэ бол ердөө хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байхгүйн илэрхийлэл.
Уг нь өдийд өвөлжилтийн бэлтгэл хангагдаж, орон сууц, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийг өгөх бүхий л ажил “готов” болчихсон байх ёстой.
Өмнө нь Б.Чойжилсүрэн салбарт нь осол гарч, хүний амь эрсдэхэд бусдад бурууг тохож, улстөржиж байгаад сайдын суудалдаа үлдсэн хүн. Дараагийн засагт нь ч үлдсэн.
Тэгэхдээ цахилгааны тасалдал, дулааны алдагдлыг бүгдийг нь би хариуцна гээд ам гарчихсан. Тэр “том” амныхаа хэрээр эрчим хүчний төрийн өмчит 27 компанийг яамныхаа мэдэлд авч үлдсэн.
Үнэндээ аль ч засгийн үед алгаа хавсарч уу, асар их мөнгөнийхөө хүчээр үү ямар ч байсан сайдын суудалд заларчихдаг Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарын үйл ажиллагаа огт хамаагүй байгаад байх шиг харагддаг. Үгүйсэн бол эрчим хүчний төрийн өмчит 27 компанийг өөд нь татаад өөрийнхөө эзэмшлийн Хурд тэргүүтэй компаниуд шиг хөгжүүлэх боломж, менежмент хангалттай бий. Үнэхээр чадахгүй бол “Эрчист Монгол” гэх их айлд өгч бас болох байсан.
Эх сурвалж: ERENNEWS.MN


