О.Бямба-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч, өнөөдөр дөрвөн боксчин хүч үзнэ

Сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Английн Ливерпүүл хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 10 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ хоёр дахь ялалтаа авснаар шөвгийн наймд шалгарлаа.
Түүний хувьд эхний тойрогт Литвийн Александр Трофимчукийг, дараа нь Туркийн Некат Экинчикийг буулган авснаар хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болсон. Харин шөвгийн наймд нутгийн тамирчин Одел Камаратай маргааш тулалдана. Энэ жинд 41 боксчин өрсөлдөж буй.
Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хүч сорьсон О.Есүгэн эхний тойрогт хийлж, Хятадын Таиванын Хуан Сяовэньд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Түүний өрсөлдөгч нь Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ээс хошой алтан медаль хүртсэн нэгэн.
Өнөөдөр манай дөрвөн боксчин дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Мексикийн Жасмин Патинотой тулалдах бол Б.Мөнгөнсаран эхний даваанд Украины Ярослава Маринчюкийг 5:0-ээр буулган авсан билээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Азербайжаны Нижат Хусейновтой шөвгийн 16-д тулалдана. Энэ жинд 29 боксчин нударга зөрүүлж буй. Манай тамирчин эхний тойрогт хийлээд хоёрдугаар шатанд Шведийн Небил Ибрахимыг хүнд цохилтоор буулган авсан юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Туркийн Аяс Гажирир, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга БНСУ-ын Ён Тае Гинтэй хүч үзэх хуваарьтай.


