УИХ-ын гишүүн Х.Жангабыл: П.Наранбаяр сайд ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн нэг дэх хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар өргөн мэдүүлсэн/ -ийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү төсөлтэй холбоотой асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:
-Баян-Өлгий аймгийн боловсролын газрын даргаар төрийн албанд томилогдох шаардлага хангаагүй ХҮН намын гишүүн нэг хүнийг томилуулан ажиллуулж байгаа. Тэр нөхөр сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг ХҮН намын гишүүнчлэл авахгүй бол ажлаас чөлөөлнө гэж дарамталдаг. Төрийн албаны зөвлөл түүнийг төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй гэдэг дүгэнэлт гаргасан. Түүний дараа чөлөөлсөн ч буцаагаад тмоилсон асуудал яригдаж байна. П.Наранбаяр сайд та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу, Монгол Улсын сайд юм уу. Та хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын газрын даргын томилгоонд Төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн, шаардлагын дагуу чөлөөлсөн. Гэхдээ түр томилгоогоор ажиллуулах шаардлага гарсан тул эргэн түр томилгоо хийсэн. Улстөржсөн томилгоо хийхийг зөвшөөрөхгүй. Мөнгө төгрөг өгч ажлын байрыг зардаг зохисгүй юм байгаа нь үнэн. Тэнд хурсан, ужгирсан асуудал олон байна.


