НҮБ ба Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого

НҮБ-д Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн юм.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлого, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж буй илрэл болсон нь онцлог байв.
Мөн Ерөнхийлөгч У. Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ:
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Тиймээс Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын Дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна” гэж онцлон тэмдэглэж байсан билээ.
Түүний энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлийн үгний гол утга нь юу байх бол гэдэг нь анхаарал татаж байна.


