БЗС-гийн захирал О.Сийлэгмаа: Б.Энхбаяр гишүүн БЗС-гаас авсан зээлийнхээ хүүг одоо болтол төлөөгүй

Гадаад зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа бөгөөд энэ онд 13 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс дөнгөж 2.5 тэрбум төгрөг төвлөрснийг Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа мэдээллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэхэд тус сангаас 32 мянган ам.долларын зээл авч сурч, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн үндсэн зээлийг төлөөд орхисон байна.

Гэтэл гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй л бол үндсэн төлбөрийг хүүтэй нь хамт төлөх учиртай бөгөөд эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл гэрээ зөрчсөн хэвээр байгаа ажээ.

Энэ тухайд О.Сийлэгмаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд хэн байх нь надад хамаагүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хоёр жилийн хугацаанд суралцаж төгсөөд Хууль зүйн яаманд буцаад ажиллаагүй л бол зээлээ хүүтэй нь төлөх ёстой. Байгууллагын захиалгаар сурсан бол амжилттай суралцаж төгсөх ёстой. Сурч төгсөөгүйн улмаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан. Ингээд 2023 оны гуравдугаар сард зээлийнхээ үндсэн дүн болох 32 мянган ам.долларыг өгсөн байдаг. Нэр бүхий өндөр албан тушаалтнууд ч бай, иргэн ч бай гэрээний үүргээ биелүүлээгүй л бол зээлээ төлөх ёстой, зээлийн хүүгээ ч төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар зээлийн хүү огтоос төлөгдөхгүй байна. Ийм шаардлагыг бид тавьж байгаа. Үүнийхээ төлөө нэлээн асуудалд өртөж байна. Өндөр албан тушаалтнуудыг “Зээлээ төл” гэхээр АТГ-т өгөөд ажил хийлгэхгүй байна. АТГ шалгаад юм олдохгүй болохоор Боловсролын яамны Ёс зүйн хороонд өгчихдөг. “Чамайг шалгуулна” гэх дарамт хүртэл ирдэг” гэдгийг хэллээ.

Тиймээс цаашид гадаад зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажилд хуулийн баг ажиллуулах шаардлагатай байгааг хэлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.