Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын дэлхийн аварга боллоо

Гүрж улсын Тбилиси хотноо сонирхогчдын холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолт үргэлжилж байна. ОУХМ Б.Алтанчимэг залуучуудын ангиллын -66кг жинд өрсөлдсөн Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга боллоо.
Улсын хоёр удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж байна. Түүний хувьд 2025 оны УАШТ-д түрүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ 10 дугаар сарын 02-нд Насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол Улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон.


