ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ өнөөдрийн /2025.10.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үргэлжлүүлэн 10:00 цагаас чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:
-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж дууслаа. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураалт явуулна. ТББХ 68.8 хувийн ирцтэй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана.
Санал хураалтад нийт 22 гишүүн оролцсоноос нийт гишүүдийн 86.4 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.
Тодруулбал Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нарын гурван гишүүн дэмжиж, бусад буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар дэмжээгүй санал өглөө.
Ингэснээр өнөөдрийн ТББХ-ны хуралдаан өндөрлөлөө.


