ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар өөрийн хүсэлтээр одоогийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өгсөн байна. Улмаар өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж, Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонгохыг МАН-ын бүлгээс санал болгосныг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Архангай аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд ОХУ-д Улсын багшийн дээд сургуульд Сурган, сэтгэл судлалын багшийн мэргэжил эзэмшжээ. Мөн Удирдлагын академийг Бизнесийн удирлагын менежерээр магистрийн зэрэг хамгаалсан байна. 2003 онд ХБНГУ-д Төрийн удирдлагын магистр, 2013 онд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшиж буй Б.Хэрлэнгээс УИХ-ын гишүүн Э.Болормаа асуулт асуув. Тэрбээр, “Та тус албан тушаалд томилогдсоноор ордон доторх ажлын байрны бэлгийн дарамтын асуудал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал бол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар зохицуулагдана. Уг эрх зүйн хүрээнд тус асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа, тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэлээ.
Гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргад дэмжих асуудлаар санал хураалт явуулж 64,7 хувийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргад дэмжлээ.


