МАН-ын Бага хурал эхэллээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлжээ.
Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна.


