АНУ-Израилийн Иранд хийсэн цохилт нь олон улсын газрын тосны үнийг огцом өсгөжээ

АНУ-Израилийн Иранд хийсэн цэргийн цохилт нь Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдлыг эрс нэмэгдүүлж, олон улсын зах зээл дэх газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулах эрсдэлийг бий болгосноор, 3-р сарын 1-ний оройгоос эхлэн олон улсын түүхий газрын тосны фьючерсийн үнэ огцом өсөв.
Америкийн зүүн биеийн орон нутгийн цагаар 3-р сарын 1-ний 18:45 цагийн байдлаар, Нью-Йоркийн барааны бирж дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ нэг баррель бүрдээ 75.33 ам.долларт хүрч, өмнөх арилжааны өдрийн хаалтын үнээс 12.4%-иар өссөн байна. Лондонгийн барааны бирж дээр тавдугаар сард нийлүүлэх Брент түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель бүрдээ 82.37 ам.долларт хүрч, өмнөх арилжааны өдрийн хаалтын үнээс 13%-иар өссөн байна.
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн цохилтоо эхлүүлсэн бөгөөд Ираны Исламын хувьсгалт харуулын корпус мөн орой хормузын хоолойгоор ямар ч хөлөг онгоц нэвтрэхийг хориглохоо мэдэгдэв. Одоогийн байдлаар, олон танкер эзэмшигчид болон худалдаачид энэ хоолойгоор түүхий нефть, түлш, шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэхээ түр зогсоосон байна. Ираны Мехр мэдээллийн агентлаг 3-р сарын 1-нд мэдээлснээр, Хормузын хоолойгоор нэвтрэхийг завдсан газрын тосны зөвшөөрөлгүй танкер суманд оногдож, “живсэн” байна.
Хормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог бөгөөд Саудын Араб, Ирак, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Ойрхи Дорнодын газрын тос үйлдвэрлэгч орнуудаас түүхий нефть экспортлох чухал зам байж, дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн тавны нэг орчим нь энэ хоолойгоор дамждаг.
Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдал нь зах зээл дээр эрсдэлээс зайлсхийх байдлыг өдөөж, улмаар олон улсын алт, мөнгөний үнэ өсч, үүнд алтны фьючерсийн үнэ 2%-иас дээш өсч, мөнгөний фьючерсийн үнэ 3%-иас дээш өссөн байна.
Эх сурвалж: Дэлхийн цаг


