Орхон голд суудлын автомашин цөмөрчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд энэ сарын 4-ний 01:59 цагт Орхон гол дээгүүр зорчиж явсан машин цөмөрсөн гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ослын газарт шуурхай очиж ажиллажээ. Улмаар иргэн Т-ын эзэмшлийн “Lexus RX450h” загварын суудлын автомашин гол дээгүүр зорчиж явах үедээ урд талын хоёр дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрч, хөдөлгөөн хийх боломжгүй болсон байсныг аврагчид татан гаргасан байна.
Ослын үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэд эсэн мэнд гарч, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй. Аврах ажиллагаа шуурхай зохион байгуулагдсанаар нөхцөл байдал хүндэрч, автомашин бүхэлдээ живэх эрсдэлээс сэргийлж чадсан байна.
Хаврын улиралд цаг агаар дулаарч, гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй болж, даац нь сулрах эрсдэлтэй байдаг. Иймд гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байх. Заавал гарах шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, зөвлөмж авах. Шөнийн цагаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхээс зайлсхийх. Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд 101 дугаарт яаралтай мэдэгдэх зэрэг аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын байгууллагаас иргэдэд анхааруулж байна.


