Л.Оюун-Эрдэнэ өөрөө эхлүүлсэн “шинэчлэл” нэртэй шахалтдаа бүдрэх нь

Монголын улстөрд “шинэчлэл” гэдэг үг хамгийн их давтагддаг хэрнээ хамгийн их эргэлзээ дагуулдаг ойлголт болоод удаж байна. Бодлогын шинэчлэл гэхээс илүү эрх мэдлийн шинэ хуваарилалт, хуучин тоглогчдыг шахан гаргах ажиллагааг гоё нэршлээр халхалсан улс төрийн тактик болон хувирсан гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд улам чангарч буй.

Тэр дундаа цагдаа, АТГ-ын хараанаас мултарсан гэгдэж байсан Ж.Мөнхбат, гадаадад ажиллаж байсан Ц.Сандуй нарын асуудал дахин сөхөгдөж эхэлсэн нь МАН-ын Бага хурлын дараах улс төрийн нүүдлийн нэг хэсэг байлаа гэх хардлага улстөрийн хүрээнд тархсан.

Үнэндээ тэд яагаад гэнэт “гэмтнүүд” болж, өөрсдийн нам дотроос шахагдах хүртэл нөхцөл байдалд хүрсэн нь олон нийтийн сонирхлыг татсан сэдэв хэвээр байна.

2012 оны УИХ-ын сонгууль МАН-ын хувьд хүнд цохилт болсон. Тэр үед намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн идэвхээс гэнэт холдож, гадаад руу явсан тухай улстөрийн хүрээнд ярьдаг. Тухайн үед энэ нь намын дотоод дарамт, олон нийтийн шүүмжлэлээс зай барих алхам байсан уу, эсвэл улс төрийн стратегийн түр ухралт байсан уу гэдэг асуулт өнөөдөр ч үлдсэн.

Гэвч 2016 онд УИХ-д сонгогдон эргэн ирснээр нам доторх хүчний тэнцвэр эрс өөрчлөгдөж, “шинэчлэл” нэртэй улстөрийн шинэ үе эхэлсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй.

Тухайн үед намын бодит ачааг үүрч, дотоод зохион байгуулалт, улстөрийн стратегийн төвд ажиллаж байсан хүмүүсийн улс төрийн орон зай огцом хумигдсан нь бодлогын өрсөлдөөн байсан уу, эсвэл эрх мэдлийн ээлжит шахалт байсан уу гэдэг асуулт өнөөдөр ч улстөрийн хүрээнд яригдсаар байна.

“Шинэчлэл” нэрийн дор туршлагатай улстөрчдийг шахан гаргаж, нам доторх нөлөөллийн төвшинг дахин хуваарилсан үйл явц бодлогын ялалт байсан уу, эсвэл хувь хүмүүсийн стратегийн тоглолтын үр дүн байсан уу гэдгийг цаг хугацаа л шүүнэ.

Гэвч нэг зүйл тодорхой улстөрд түр хугацааны ялалт байдаг ч мөнхийн ноёрхол байдаггүй.

Сүүлийн үед МАН-д эргэн яригдаж эхэлсэн Ц.Сандуй, Ж.Мөнхбат нарын асуудал улстөрийн анхаарлын төвд орж, улмаар нам хоорондын сөргөлдөөнд хүртэл нөлөөлөх шинжтэй болж эхэлсэн нь анзаарагдаж байна.

Тэр дундаа АН-ын дарга О.Цогтгэрэл Ц.Сандуйтай холбоотой асуудлаар идэвхтэй байр суурь илэрхийлж эхэлсэн нь улс төрийн хүрээнд шинэ шатны тэмцэл эхэлж буй дохио хэмээн тайлбарлагдах болов.

Зарим ажиглагчдын үзэж буйгаар энэ нь зүгээр нэг хүнийг өмөөрсөн үйлдэл биш, харин улс төрийн бодит жингийн тухай сигнал. Учир нь өнөөдөр Ц.Сандуйгийн нэр улстөрийн хүрээнд дахин хүчтэй яригдаж, нөлөөллийн хэмжүүрээр зарим шинэ үеийн лидерүүдээс ч дээгүүр үнэлэгдэх болсон гэх яриа нэмэгдэж байна.

Монголын улстөрд нэг л жам үйлчилдэг. “Өчигдөр шахагдсан хүн маргааш эргэн ирж чадна. Өчигдөр ноёрхсон хүч өнөөдөр ганхаж болно”. Хэрэв “шинэчлэл” нэрийн дор институцийг хувь хүмүүсийн нөлөөллөөр орлуулж, нам доторх бодлогын өрсөлдөөнийг эрх мэдлийн тулаан болгосон бол энэ нь улс төрийн соёлын хувьд ноцтой дохио. Институци биш хувь хүмүүс ялдаг улстөр урт настай байдаггүй.

Эцэст нь, Монголын улстөр бодлогоор хэмжигдэх үү, эсвэл хэн хэнийг шахсанаар хэмжигдэх үү гэдгийг харах л чухал. Хэрэв улстөр зөвхөн нөлөөллийн тоглолт, дотоод тулаан болон хувирсаар байвал тэнд ялагч гэж үгүй.
Хохирогч нь улстөр өөрөө, эцэст нь нийгэм бүхэлдээ байх болно.

Эх сурвалж: erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.