Ажлын байрандаа согтуурч, зүй бус авирласан этгээдүүдийг 10 хоног баривчилна

Энэ сарын 18-нд нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэгийг олон нийтэд цацсан. Улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “Ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдэгдэл гаргасан байдаг
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.


