17 сая еврогийн зээл авч эрчим хүчний салбарт зарцуулахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулах Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шатны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн дагуу ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкнаас Монгол Улсын Засгийн газар хоёр хувийн хүүтэй 17 сая еврогийн зээл авах юм байна. Зээлийн хөрөнгөөр 110/10 кВ-ын 2х63 МВА чадалтай хаалттай дэд станц, 110 кВ-ын дөрвөн км урттай хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа 110/35/10 кВ-ын Туул дэд станцыг өргөхөөр төлөвлөжээ. Ингэснээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх гэсэн таван дүүргийн 14 хорооны хотын төсвийн хэсгийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид болох Төрийн ордон, Нэг, Хоёрдугаар эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11832 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэх юм байна. 

Мөн иргэн, аж ахуйн нэгжлийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдаж, жилд дунджаар 6,573.4 сая төгрөгтэй тэнцэх цахилгаан эрчим хүчний борлуулалт хийх нөхцөл бүрдэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг зээлийн хэлэлцээрийг дэмжлээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.