
АН-ын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан учраас эсрэг фракцынхаа сайдуудыг шахаж, Ардчилсан намд долоон сайдын суудал өгье гэсэн яриа гарсан. Намын даргын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Би хэсэг хугацаанд чөлөөтэй байж байгаад өнөөдөр ажилдаа ирж байна. Албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Манай нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй.
-Ардчилсан намыг Засгийн газарт хамтарвал УИХ-ын даргын албыг өгөх асуудал яригдаж байна. Үүнийг та дэмжих үү?
-Ардчилсан нам Засгийн газарт хамтрах нь буруу. Яагаад гэвэл зөвхөн хууль, эрх зүйн талаасаа биш, улс төрийн байр суурийн хувьд ч буруу. Ардчилсан нам өнгөрсөн 10 жилийг “авлигад идэгдсэн 10 жил” гэж удаа дараа шүүмжилж ирсэн. Бид энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хамтарч авлигад идэгдсэн 10 жилийг хамтдаа хаацайлах гэсэн үг биш. Ийм зүйл байх ёсгүй. Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурийг баримталж, цөөнхийн сонголтоо хийх ёстой гэсэн байр суурьтай байна.


