Улаанбаатарын “Их дуулга” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “Степ Арена”-д эхэллээ. Энэ удаагийн Их дуулгад 58 орны 454 жүдоч зодоглож байгаа бөгөөд 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгоно.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас дээрх таван жинд 20 бөх зодоглох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк дэвжээнд гарна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам нар барилдах юм.
Түүнчлэн олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга Японы Абэ Үта, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаяма, дэлхийн аварга Гүржийн Жиоржи Сардалашвили, Монголын Б.Баасанхүү, Японы Такеока Такаши, Кога Вакана, Италийн Одетта Жиуффрида, Солонгосын Ху Мими тэргүүтэй шилдгүүд өнөөдөр барилдана. Барилдааныг С1 телевиз орон даяар шууд дамжуулна.
Манай жүдочдоос 48 кг-д Б.Баасанхүү Нидерландын Амбер Гержэсийг, Г.Наранцэцэг Португалын Коста Катаринаг, Л.Булган Солонгосын Юү Жухээг яллаа. Харин 60 кг-д Э.Ариунболд Казахстаны Аман Бакытжанд ялагдсан бол Б.Сүхбат Хятадын Сун Жиахаог, Т.Түмэнжаргал Мароккогийн Ахмед Черифиг ялаад байна.


