Н.Учрал: Төр зардлаа хэмнэж, төсвийг 1.4 их наядаар танана

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг инфляц идэж байна. Төсвийн орлого төсөөлнөөс 2.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаан эдийн засгийн тооцоолол гэдгийг хэлэхийг хүсэж байна. Төр зардлаа хэмнэж, бүсээ чангална. Хэмнэсэн төсвөө цалин, тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйл зарцуулна. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Томилолт, сургалт сурталчилгаа, эд хогшил, машин тэрэг, баяр ёслол, шагнал урамшуулал зэргийн зардлыг бүхлээр танаж байна. Урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр оруулж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Бүх сайдын зардлыг бууруулж байна. Сайдууд зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Нөгөө талдаа ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ.

Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна.

Эрчим хүчний салбарт зохих арга хэмжээнүүд авна. Энэ салбарт алдагдалтай ажиллаж байгаа. Иргэдийг үнийн өсөлтийн дарамт үүсгэхгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг тавьж өгч байна. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гэр ойр сургууль хөтөлбөр хэрэгжүүлж, нэг ангид 35-аас доош хүүхэд суух нөхцөл бүрдүүлнэ. Шаардлагатай төсөв нь 50 тэрбум төгрөг байна” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.