“Айчи-Нагояа 2026”: Азийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ

Ази тивийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадам эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Тус наадмын гал асаах анхны ёслол 2026 оны 8 дугаар сарын 18-нд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж, ийнхүү Азийн наадмын бамбарын буухианы эхлэл тавигдлаа.
Ёслолын үеэр Японы гүйлтийн тамирчин Ёшихидэ Кирюү 1958 оны Токиогийн Азийн наадамд ашиглагдсан бэлгэдлийн галаас бамбарыг асаасан байна.
Дараагийн гал асаах ёслол 8 дугаар сарын 20-нд Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд Хирошима хот нь 1994 оны Азийн наадмыг зохион байгуулж байсан түүхтэй.
Улмаар Токио болон Хирошимад асаасан галыг 8-р сарын 22-нд Нагояа шилтгээнд нэгтгэж, Айчи-Нагояа 2026 Азийн наадмын албан ёсны галыг асаана.
Бамбарын буухианы анхны өртөөлөгч нь чөлөөт бөхийн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшида байх юм.
Бамбар Айчи мужийн 40 хот, суурин болон Нагояа хотын дүүргүүдээр аялж, нийт 1000 орчим бамбарчин оролцохоор төлөвлөгджээ. Мөн сургуулиудыг хамарсан тусгай буухиа 9 дүгээр сарын 7–15-ны өдрүүдэд 14 сургуульд зохион байгуулагдана.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно.
Хөтөлбөрийн хамгийн сүүлийн батлагдсан мэдээллээр тус наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөнө гэж Азийн олимпын зөвлөл мэдээлжээ.


