ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад шатрын хичээл орно

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран 2026–2027 оны хичээлийн жилээс 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Уг хөтөлбөр нь хичээлийн үндсэн судлагдахуун биш бөгөөд сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлч сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой.
Энэ ажлын хүрээнд орон нутгийн багш нараа бэлтгэсэн бол Улаанбаатарын бага сургуулиудын багш нарт бүтэн өдрийн сургалт хийсэн байна.
Шатар нь хүүхдийн логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг оюуны спорт учраас Монголын шатрын холбооноос уг сургалтыг ерөнхий боловсролын сургалттай уялдуулахад онцгой анхаарч эхэлж байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэ санаачилгыг санаачлан дэмжиж, шатрын сургалтаар дамжуулан хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласаар иржээ.
Г.Занданшатар ярихдаа “Хиймэл оюун хүүхдийн өмнөөс бодох ёсгүй. Хиймэл оюун бидний амьдралын нэг хэсэг болж байна. Харин хүүхдүүд өөрсдөө бодож, асуулт асууж, асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах чадвартай өсөх нь бүр ч чухал. Үүнд шатар тусална.
Шатар хүүхдийг хэдэн алхмын цаадхыг харж, сонголтоо тооцоолж, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгож сурахад тусалдаг. Тиймээс шатрыг зөвхөн дугуйлан, секцэд явдаг цөөн хүүхдийн хичээл байлгахгүй. Технологи хөгжих тусам хүүхдүүдээ өөрсдөөр нь бодуулъя. Багш нар бэлэн. Шатар бэлэн. Шинэ хичээлийн жилдээ бэлэн” гэлээ.


