МОНГОЛЫН ИНТЕРНЭТ 22 НАС ХҮРЛЭЭ
Интернэт сүлжээгүйгээр энэ цаг үед аливаа бизнес, харилцаа холбоог төсөөлөхийн аргагүй. Бид өдөр бүр битгий хэл цаг тутамд, мэдээ мэдээллийг интернэт ашиглан түгээж, хүртэж байгаа нь үнэн юм.
Манай улсад интернэтийн үйлчилгээг нэвтрүүлсэн тухай ДАТАКОМ компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын гуайн дурсамжийг та бүхэнтэй хуваалцаж байна.
1994 онд Мэдээллийн Харилцаа ББХК нь Монголд анх удаа Интернэтийг үйлчилгээг явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл, Монгол улс Интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байлаа. Энэ үед Интернэтэд өдөрт 2 удаа холбогдож и-мэйлийн дамжуулалт хийдэг байв. 1995 оны 12 сараас газрын станц суурилуулснаар Интернэтэд онлайнаар холбогдох боломж бий болсон. Улмаар Мэдээллийн Харилцаа ББХК нь Датаком ХХК болон өргөжиж, Монголд анх Интернэтийг нэвтрүүлэх болон Интернэтийн төрөл бүрийн үйлчилгээ хэрэглээг Монголд бий болгох тал дээр маш чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед Америкийн элчин сайд Монголд нийлүүлж байсан шар тосны орлогоос Монголын хамгийн хүн салбаруудад санхүүгийн зээл, тусламж үзүүлэх сан байгуулсан байв. Энэ сангаас Датаком ХХК 50 000 ам.долларыг 4.8 хувийн хүүтэйгээр зээлэн авч Интернэтийн үйлчилгээнийхээ эхлэлийг тавьсан байдаг. 1996 оны 1-р сарын 17-нд Монгол улсад Интернэт нэвтрэрснийг албан ёсоор зарлаж, Интернэтийн нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч П.Очирбат болон төр засгийн томоохон төлөөлөгчид оролцож байлаа. Энэхүү нээлтэн дээр монгол улсын төрийн далбааг цахим байдлаар намируулан, төрийн дууллаа эгшиглүүлж, Интернэтэд холбогдсон 10 компьютер дээр Датаком компанийн инженер мэргэжилтнүүд NBA, CNN зэрэг дэлхийд алдартай сайтуудыг нийтэд дэлгэн үзүүлж байлаа. Тухайн үед Интернэтийн техник, технологи дөнгөж нэвтэрч байсан тул эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн ид хүйтэнд шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах ч үе байдаг байжээ. Интернэтээ тасалчихгүйн тулд үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулж тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах үе ч байв. 1996 онд Интернэт хэрэглэгчдийн тоо Монголд 500 гаруйхан байв. Тэр үед Монгол улсад Интернэт болон компьютерийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байсан хэдий ч Д.Энхбат захирлаар удирдуулсан Датаком ХХК шинэ техник, технологийг маш амжилтай нэвтрүүлж, одоо та бид үүний үр шимийг хүртэн гэртээ компьютертэй, Интернэттэй болж, гэрээсээ гаралгүйгээр дэлхий дахины мэдээллийн ертөнцөд аялан суух болсон билээ
хэмээн хувийн блогтоо дурссан байна.
Үнэхээр ИНТЕРНЭТ-д суурилсан мөш олон бизнес МОНГОЛД цэцэглэн хөгжиж байгааг хэн ч байсан хүлээн зөвшөөрнө. Энэхүү цахим ертөнцөд МОНГОЛЧУУДЫГ холбон ажиллаж байгаа бүхий ISP компаний хамт олонд баярын мэндийг хүргэе.
Эх сурвалж: Д.Энхбатын хувийн блогоос болон цахим хуудсаас