ТӨРИЙН БАНК ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ Э.СҮРЭНД 51,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛӨХ БОЛЖЭЭ
“Алтжин группийн захирал хатагтай Г.Алтангийн" хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өчигдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж, орой 19.00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.
Шүүгчид шийдвэрээ танилцуулж, Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Эдуард Сүрэнгийн Ш.Батхүүд зээлүүлсэн 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэрийг гаргасан байна.
Уг шүүх хурал анхных нь биш юм. Олон удаа хойшлуулж байсан шүүх хурлын тухайд өмнөх хурлуудын шийдвэр нь ч мөн Э.Сүрэнгийн талд гарч, Төрийн банкнаас нэхэмжилсэн мөнгийг нь гаргуулах шийдвэрийг гаргаж байсан бол өчигдрийн шүүх хурал ч мөн адилхан шийдвэр гаргалаа.
Өчигдрийн шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, их хэмжээний мөнгө зээлсэн хэргээр олон жил шалгагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдүүлэг өглөө.
Уг маргаантай хэргийн тухайд гэвэл 2010 онд “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгээс Ш.Батхүү 32,8 сая ам.долларын зээл авахдаа одоогийн Төрийн банк буюу тухайн үед Хадгаламж банкийг батлан даагч болгох гэрээ хийсэн гэдэг юм. Харин “Жаст” групп дампуурч, Хадгаламж банкийг төрд шилжүүлснээс 3 сарын дараа Э.Сүрэн Ш.Батхүүд зээлүүлсэн гэх 32,8 сая ам.доллар буюу 51 тэрбум 596 сая төгрөгөө Төрийн банкнаас нэхэмжилсэн билээ.
Харин Төрийн банкны удирдлагуудын зүгээс тухайн үед Хадгаламж банк зээлд баталгаа гаргах эрхгүй байсан учир зээлийн гэрээг хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлтэй талаар мэдээлж байв. Тиймээс зээлийн гэрээ үнэн эсэхийг тодруулж тайлбар авахаар Ш.Батхүүг шүүх хуралд оролцуулсан байгаа юм.
Гэхдээ Э.Сүрэн анх 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед шүүхийн шийдвэр түүний талд гарсан байдаг. Үүнээс хойш эцэслэгдэн шийдэгдээгүй маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь энэ юм.
Төрийн банкны удирдлагууд ч Э.Сүрэнгийн зүгээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд бүгд хуурамч баримтууд хэмээн мэдэгдэж, Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ч ийнхүү амжилт олсонгүй. Харин Э.Сүрэнд 51 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр болов. Гэхдээ анхан шатны шүүхээс ийм шийдвэр гарсан хэдий хариуцагч талд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй үлдлээ.
BOLLOO.MN


